research
  • Барилгын материал дотор агаарын чанарт нөлөөлөх нь 

БХБЯ болон НҮБ-ын дэмжлэгтэйгээр “Барилгын материал дотор агаарын чанарт нөлөөлөх нь” судалгааны ажлыг 2022 онд хийж гүйцэтгэсэн. Барилгын материалын дотор орчны агаарын чанарт нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах, хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй барилгын материалыг барилгад хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр төрийн захиргааны болон хяналтын байгууллагуудад зөвлөмж боловсруулах зорилгоор уг судалгааны ажлыг хийж гүйцэтгэхдээ барилгын материалуудаас зөвхөн дотор засалд хэрэглэдэг материалуудыг авч үзсэн. Судалгааны ажлын хүрээнд барилгын материалын эрүүл ахуйн зохицуулалттай холбоотой агуулга хууль, эрх зүйн баримт бичгүүдэд хэрхэн туссан;  тэдгээрийн хэрэгжилт болон тулгамдсан асуудлууд; тус хэрэгжилтийг ханган ажилладаг байгууллагуудын хяналтын тогтолцоог олон улсын сайн туршлагатай харьцуулан жишиж, цаашид энэ чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны зөвлөмж боловсруулсан.

Энэхүү судалгааны ажлын явцад олон улсын сайн туршлагуудыг судалж байхад барилгын дотор заслын материалд агуулагдах хортой бодисын агууламж, барилгын материалаас  ялгарах хортой бодисын ялгарал, барилгын материалаас дотор агаарт ялгарах хортой бодис, тэдгээрийн хүлцэх хэмжээ болон шинжилгээний аргын стандартууд ялгаатай байдгийг олж мэдсэн. Иймээс манай улсад мөрдөж буй барилгын материалын эрүүл ахуйн шаардлагатай холбоотой баримт бичгүүд төдийгүй тэдгээрийг зохицуулах, хянахтай холбоотой тогтолцоог шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна.

Түүнчлэн энэ судалгааны ажилд олон улсын төлөөлөл болгож БНХАУ, ЕХУ-ууд болон ДЭМБ, НҮБ-ын зөвлөмжүүдийг сонгон судалсан. Учир нь манай улсын нийт барилгын материалын 57%-ийг БНХАУ-ын бүтээгдэхүүн эзэлдэг бөгөөд үүний дийлэнхи хэсгийг дотор заслын материалууд бүрдүүлдэг. Харин ЕХУ-ууд бүхий л салбарт хүний эрүүл мэндэд ээлтэй, байгалийн гаралтай бүтээгдэхүүний жишгийг тогтоодог тул тус холбоог тэргүүлэгч Герман, Франц, Бельги зэрэг орнуудын мөрдөж буй бодлогын баримт бичгүүдийг судалсан. Мөн дэлхийн нийтээр дагаж мөрдөх бодлогын баримт бичгүүдийн үндэслэл болдог ДЭМБ, НҮБ-ын зөвлөмжүүдийг орхигдуулалгүй авч үзсэн юм.

  • УБ хотын төрийн өмчийн цэцэрлэг, сургуулийн түгээмэл давтагдах барилгуудын эрчим хүчний хэрэглээ ба хэмнэлт болон хүлэмжийн хийн ялгарлын бууралтыг тодорхойлох нь 

Германы Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Монгол дахь барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн санаачилгаар нийслэл Улаанбаатар хотын төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн барилгын хамгийн түгээмэл хэлбэр бүхий барилгуудын дулааны эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх боломж, хэрэгцээг тодорхойлох, хуучин барилгуудын дулааны эрчим хүчний хэрэглээний илтгэлцүүрийг олон улсын жишигт нийцүүлэн тогтоох, энэ чиглэлээр хөгжүүлж буй мэдээллийн санд оруулах, цаашид хөрөнгө оруулалтын шийдвэрийн нэгэн шалгуур үзүүлэлт болгож хэвшүүлэхэд чиглэсэн энэхүү судалгааны ажлыг 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар хүртэл хийж гүйцэтгэсэн.

Судалгааны ажлын хүрээнд нийслэлийн төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн барилгуудыг хийцийн шийдэл, баригдсан огноо зэрэг ижил төстэй байдлаар нь ангилан жагсаахад сургуулийн барилгууд нийт 51 төрлийн хэлбэртэй, цэцэрлэгийн барилгууд нийт 40 төрлийн хэлбэртэй, барилгын хийц шийдлийн хувьд баригдсан оноосоо хамаараад бага зэрэг ялгаатай байна. Эдгээрээс хамгийн их давтагдаж буй 1970-1990 онд баригдсан сургуулийн барилгуудаас эхний 3 төрлийн хэлбэрийг сонгон нийт 40 барилгын төлөөлөл болгон төвийн шугам сүлжээнд холбогдсон 10 барилгад, цэцэрлэгийн барилгуудаас эхний 6 төрлийн хэлбэрийг сонгон нийт 77 барилгын төлөөлөл болгон төвийн шугам сүлжээнд холбогдсон 16 барилгад тус тус эрчим хүчний аудит буюу хуучин зураг төслийн нөхцөлөөр нь эрчим хүчний  хэрэгцээнд нь үнэлгээ хийж сайжруулах, эрчим хүчний үр ашгийг нь нэмэгдүүлэх арга хэмжээг тодруулан тогтоох хүрээний судалгаа хийсэн. Нийт 9 хэлбэрийн  117 барилгын төлөөлөл болж чадахуйц 26 барилга энэхүү судалгаанд хамрагдсан.

Эдгээр барилгын дулаан алдагдлыг бууруулах арга хэмжээнд нийт 912,775,265.5 төгрөг зарцуулснаар жилд дунджаар 441,877кВц/жил дулаан, 154.3тнCO2/жил хүлэмжинй хийн ялгарлыг бууруулах юм. Барилгын насжилтаас хамааран цаашид тухайн барилгууд нь 30 жил ашиглагдана гэж үзвэл нийт 4629.10тнCO2/жил –ээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаар байна.

 

  • УБ хотод баригдсан барилга, байгууламжийн төрөл ба тэдгээрийн эрчим хүчний тооцоот хрэгэцээ ба бодит хэрэглээний зөрүүг тодорхойлох, турших

Тус судалгааны ажлыг  Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын “Mонгол улсын барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ” төсөл (NAMA) болон Швейцарын хөгжлийн агентлаг (SDC), Германы Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Монгол дахь барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн энэхүү туршилт, судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. Судалгааны ажлын үр дүнд нийт барилгуудын дулааны хэрэгцээ болон хэрэглээний зөрүүний дундаж нь 13.8% байгаа бөгөөд дээрх нөлөөллүүдийн хувийг багасгах замаар дулааны эрчим хүчний тооцоот хэрэгцээний тоо хэмжээ нь дулааны эрчим хүчний бодит хэрэглээний тоо хэмжээ хоорондын зөрүүг 5%-8% байгааг тогтоосон. Энэхүү тооцоог гаргахдаа нийслэл Улаанбаатар хотын төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон орон сууц, олон нийтийн барилга байгууламжийн дулаан хамгаалалт, халаалт, агаар сэлгэлт, хөргөлт, халуун усны хэрэгцээ болон тэдгээрийн үйл ажиллагааг хангаж байгаа тоног төхөөрөмжүүдийн хүчин чадалд тулгуурласан.

 

  • Цэцэрлэгийн барилгын дотор агаарын чанар ба түүнийг сайжруулах туршилт

НҮБ-ын Хүүхдийн сан, Германы Хамтын Ажиллагааны Нийгэмлэгтай хамтран “Цэцэрлэгийн барилга доторх агаарын чанар ба түүнийг сайжруулах” туршилт, судалгааны төслийг хийж гүйцэтгэсэн. Судалгаагаар цэцэрлэгийн барилгуудын доторх агаарын чанар, ашиглалтын үеийн нөхцөл байдлыг тодорхойлж үзэхэд өрөөн доторх агаарын харьцангуй чийгшил 30 хувиас хэтэрсэн тохиолдолд СО2-ийн агууламж 1000 ppm-ээс буюу байх ёстой хэмжээнээс хэтэрч байгаа нь батлагдсан. Иймд өрөөний агаарын харьцангуй чийгшлийг 30 хувиас хэтрүүлэхгүй байлгах агаар сэлгэлтийн механик системийг төлөвлөх шаардлагатай гэж үзсэн. Иймд судалгаа хийсэн цэцэрлэгийн ангиудад 10.0-2.5 мкм диаметртэй тоосонцорыг шүүдэг шүүлтүүртэй, дулаан солилцууртай, CO2 мэдрэгчтэй агаар сэлгэлтийн механик системийг төлөвлөн ажиллуулж, халаалтын улиралд туршилт хийсэн. Үүний үр дүнд дотор агаарын чанар хэвийн хэмжээндээ эргэж орсон нь уг туршилтаар батлагдсан.