Судалгааны тухайд

 

Германы Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Монгол дахь барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн санаачилгаар нийслэл Улаанбаатар хотын төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн барилгын хамгийн түгээмэл хэлбэр бүхий барилгуудын дулааны эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх боломж, хэрэгцээг тодорхойлох, хуучин барилгуудын дулааны эрчим хүчний хэрэглээний илтгэлцүүрийг олон улсын жишигт нийцүүлэн тогтоох, энэ чиглэлээр хөгжүүлж буй мэдээллийн санд оруулах, цаашид хөрөнгө оруулалтын шийдвэрийн нэгэн шалгуур үзүүлэлт болгож хэвшүүлэхэд чиглэсэн энэхүү судалгааны ажлыг 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар хүртэл хийж гүйцэтгэсэн.

Судалгааны ажлын хүрээнд нийслэлийн төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн барилгуудыг хийцийн шийдэл, баригдсан огноо зэрэг ижил төстэй байдлаар нь ангилан жагсаахад сургуулийн барилгууд нийт 51 төрлийн хэлбэртэй, цэцэрлэгийн барилгууд нийт 40 төрлийн хэлбэртэй, барилгын хийц шийдлийн хувьд баригдсан оноосоо хамаараад бага зэрэг ялгаатай байна. Эдгээрээс хамгийн их давтагдаж буй 1970-1990 онд баригдсан сургуулийн барилгуудаас эхний 3 төрлийн хэлбэрийг сонгон нийт 40 барилгын төлөөлөл болгон төвийн шугам сүлжээнд холбогдсон 10 барилгад, цэцэрлэгийн барилгуудаас эхний 6 төрлийн хэлбэрийг сонгон нийт 77 барилгын төлөөлөл болгон төвийн шугам сүлжээнд холбогдсон 16 барилгад тус тус эрчим хүчний аудит буюу хуучин зураг төслийн нөхцөлөөр нь эрчим хүчний  хэрэгцээнд нь үнэлгээ хийж сайжруулах, эрчим хүчний үр ашгийг нь нэмэгдүүлэх арга хэмжээг тодруулан тогтоох хүрээний судалгаа хийсэн. Нийт 9 хэлбэрийн  117 барилгын төлөөлөл болж чадахуйц 26 барилга энэхүү судалгаанд хамрагдсан.

Эдгээр барилгын дулаан алдагдлыг бууруулах арга хэмжээнд нийт 912,775,265.5 төгрөг зарцуулснаар жилд дунджаар 441,877кВц/жил дулаан, 154.3тнCO2/жил хүлэмжинй хийн ялгарлыг бууруулах юм. Барилгын насжилтаас хамааран цаашид тухайн барилгууд нь 30 жил ашиглагдана гэж үзвэл нийт 4629.10тнCO2/жил –ээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаар байна.