Судалгааны тухайд

 

БХБЯ болон НҮБ-ын дэмжлэгтэйгээр “Барилгын материал дотор агаарын чанарт нөлөөлөх нь” судалгааны ажлыг 2022 онд хийж гүйцэтгэсэн. Барилгын материалын дотор орчны агаарын чанарт нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах, хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй барилгын материалыг барилгад хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр төрийн захиргааны болон хяналтын байгууллагуудад зөвлөмж боловсруулах зорилгоор уг судалгааны ажлыг хийж гүйцэтгэхдээ барилгын материалуудаас зөвхөн дотор засалд хэрэглэдэг материалуудыг авч үзсэн. 

Судалгааны ажлын хүрээнд барилгын материалын эрүүл ахуйн зохицуулалттай холбоотой агуулга хууль, эрх зүйн баримт бичгүүдэд хэрхэн туссан;  тэдгээрийн хэрэгжилт болон тулгамдсан асуудлууд; тус хэрэгжилтийг ханган ажилладаг байгууллагуудын хяналтын тогтолцоог олон улсын сайн туршлагатай харьцуулан жишиж, цаашид энэ чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны зөвлөмж боловсруулсан.

Энэхүү судалгааны ажлын явцад олон улсын сайн туршлагуудыг судалж байхад барилгын дотор заслын материалд агуулагдах хортой бодисын агууламж, барилгын материалаас  ялгарах хортой бодисын ялгарал, барилгын материалаас дотор агаарт ялгарах хортой бодис, тэдгээрийн хүлцэх хэмжээ болон шинжилгээний аргын стандартууд ялгаатай байдгийг олж мэдсэн. Иймээс манай улсад мөрдөж буй барилгын материалын эрүүл ахуйн шаардлагатай холбоотой баримт бичгүүд төдийгүй тэдгээрийг зохицуулах, хянахтай холбоотой тогтолцоог шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна.

Түүнчлэн энэ судалгааны ажилд олон улсын төлөөлөл болгож БНХАУ, ЕХУ-ууд болон ДЭМБ, НҮБ-ын зөвлөмжүүдийг сонгон судалсан. Учир нь манай улсын нийт барилгын материалын 57%-ийг БНХАУ-ын бүтээгдэхүүн эзэлдэг бөгөөд үүний дийлэнхи хэсгийг дотор заслын материалууд бүрдүүлдэг. Харин ЕХУ-ууд бүхий л салбарт хүний эрүүл мэндэд ээлтэй, байгалийн гаралтай бүтээгдэхүүний жишгийг тогтоодог тул тус холбоог тэргүүлэгч Герман, Франц, Бельги зэрэг орнуудын мөрдөж буй бодлогын баримт бичгүүдийг судалсан. Мөн дэлхийн нийтээр дагаж мөрдөх бодлогын баримт бичгүүдийн үндэслэл болдог ДЭМБ, НҮБ-ын зөвлөмжүүдийг орхигдуулалгүй авч үзсэн юм.