Монголын анхны эрчим хүчний хэмнэлтийн “А” ангилалтай худалдаа үйлчилгээний барилга шинэ жишиг тогтоолоо

Барилгын иж бүрэн зураг төсөл боловсруулах, барилгын эрчим хүчний аудит болон барилгын салбарын судалгаа хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Түмэн амгалан ордон” ХХК-ийн Захирал Дулаан хангамж, агаар сэлгэлтийн Зөвлөх инженер, барилгын эрчим хүчний аудитор, докторант Нямдоржийн Хангайсайхантай ярилцлаа. Тэрээр  салбартаа 18 жил ажиллаж байгаа бөгөөд нийт 250 гаруй зураг төсөлд оролцож, 20-иад ажлын иж бүрэн зураг төслийг удирдаж, 50 гаруй барилгад барилгын эрчим хүчний аудит хийж, 4 судалгааны ажлыг удирдан гүйцэтгэсэн туршлагатай. Сүүлийн жилүүдэд тэрбээр эрчим хүчний хэмнэлт болон дотоод орчны чанар (дотор агаарын чанар, барилгын материалын эрүүл ахуйн шаардлага гм)-ын үзүүлэлтийг барилгад тусган ажиллаж байна.

Барилгын эрчим хүчний хэмнэлт гэдгийг ерөнхий утгаар нь хүмүүс ойлгодог ч гэсэн хэмнэлтийг бий болгох арга замуудыг тэр бүр тодорхой мэдэхгүй байж магадгүй тул та энэ талаар эхлээд товч тайлбарлана уу?

Барилгын эрчим хүчний хэмнэлт гэдэг нь тухайн барилгын хэрэглэх эрчим хүчний хэрэглээг боломжит түвшин хүртэл бууруулсан эрчим хүчний хэрэглээ хоёрын зөрүү юм. Эрчим хүчний хэмнэлтийг барилгын хашлага бүтээцийн дулаан алдагдлыг бууруулах, инженерийн хангамжийн дэвшилтэд тоног төхөөрөмжүүдийг хэрэглэх, сэргээгдэх эрчим хүч ашиглах замаар бий болгодог. Эдгээр бүлэг арга хэмжээнүүдээс зураг төсөлд тусгахад барилгын насжилт уртсаж, тав тух нэмэгдэх, ашиглалтын зардал буурах, хүлэмжийн хий ялгарал багасах маш чухал давуу талууд бий болдог.

Танай компанийн гүйцэтгэсэн Emart худалдааны төвийн Баянгол салбарын барилгын зураг төсөл нь Монголын барилгын инженерүүдийн холбооны “Зураг төслийн шилдэг бүтээл” номинаци авсан байсан. Үүнийг авах үндэслэл, тухайн барилгын онцлог нь юу байсан бэ?

Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Emart  худалдаа, үйлчилгээний барилгын иж бүрэн зураг төслийг холбогдох хууль, журам, норм дүрэм, стандартуудыг баримтлан үйчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, Emart ОУ-ын сүлжээний үндсэн концецпийг алдагдуулалгүйгээр төлөвлөсөн.

Emart –Баянгол салбарын барилгыг эрчим хүчний хэмнэлтийн “А” ангиллын сертификаттай төлөвлөсөн бөгөөд 2023 оны 8-р сард бүрэн ашиглалтад орсон тус барилга нь дээрх шаардлагыг бүрэн хангаж байгаа юм. Манай улсад худалдаа үйлчилгээний төвүүдээс анх удаагаа тус ангиллын сертификатыг авсанаараа онцлог болсон. Бид эрчим хүчний хэмнэлт бий болгохдоо Emart-ийн Хан-Уул, Чингис салбарын барилгуудад барилгын эрчим хүчний аудит хийж, төлөвлөлт, угсралт, ашиглалтын үеийн нөхцөл байдалтай танилцан, бодит хэрэглээг тодорхойлж, холбогдох судалгааг хийсний дараа шинэ салбарын барилгын төлөвлөлтийг гаргасан. Ингэхдээ тус барилгын хашлага бүтээцийг дулаан алдагдал багатай байхаар төлөвлөсөн. Мөн агаар сэлгэлт, хөргөлт, дулаан хангамж, ус хангамж, хүчит төхөөрөмж, гэрэлтүүлэг зэрэг тоног төхөөрөмжүүдийг ашигт үйлийн коэффициент өндөр үзүүлэлттэйгээс сонгон төлөвлөж өгснөөрөө эрчим хүчний хэмнэлтийг бий болгосон. Ингэснээр тус барилга нь жилд дунджаар 2500мвц дулаан хэмнэж,  1000тнСО2 хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна. Энэ нь ОУ-ын өмнө МУ-ын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хүрээнд хүлээсэн үүргээс хуваалцаж, барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан бодит ажил болж чадсан юм.

Энэ нь тухайн барилгын хувьд хөрөнгө оруулалтыг өсгөж байгаа боловч нөгөө талаараа нийгмийн хариуцлагын хүрээнд агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлөх талархууштай бүтээн байгуулалт юм.

Барилгын эрчим хүчний аудитын процесс ямар үе шаттай явагддаг юм бэ?

Барилгын эрчим хүчний хэмнэлтийг төлөвлөх эсвэл нотлоход барилгын эрчим хүчний аудит хийдэг. Тус аудитыг барилгыг шинээр төлөвлөх үед буюу зураг төслийн шатанд эсвэл нэгэнт баригдсан барилгын дулаан алдагдлыг бууруулах зорилгоор ашиглалтын үед нь хийдэг. Процессын хувьд эрчим хүчний хэмнэлттэй барилгыг шинээр төлөвлөхдөө тухайн барилгын эх загвар зураг төслийг боловсруулах үеэс эхлэн барилга архитектур болон инженер хангамжийн төлөвлөлтөд эрчим хүчний хэмнэлт гаргах боломжит хувилбаруудыг гаргаж, Захиалагч талд санал дэвшүүлдэг. Эдгээр саналыг Захиалагч тал хөрөнгө оруулалтын зардал болон ашиглалтын үеийн зардлыг харьцуулах, ногоон зээл тусламж эрэлхийлэх, нийгмийн хариуцлагаа биелүүлэх хүрээнд судалж тухайн барилгадаа нэвтрүүлэх эсэхээ шийддэг. Тус шийдэлд тулгуурлан барилгын ажлын зургийг гүйцэтгэхдээ эрчим хүчний хэмнэлтийн арга хэмжээ бүрийг нарийвчлан тооцож, төлөвлөдөг. Үүний дараа барилга угсралтын шатанд зураг төсөлд төлөвлөсөн зорилтондоо хүрч ажиллаж байгаа эсэх талаар хяналт хийдэг бөгөөд барилга бүрэн ашиглалтад орсноос хойш халаалтын улиралд хэмжэлт хийж баталгаажуулдаг.

Эрчим хүчний хэмнэлт Монгол Улсад хэдэн ангилалтай байдаг вэ?

Барилгын эрчим хүчний гэрчилгээг Барилга, хот байгуулалтын сайд болон Эрчим хүчний сайдын хамтарсан 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/257, А/252 дугаар тушаалаар баталсан “Барилгын эрчим хүчний гэрчилгээ олгох журам”-ын дагуу барилгын зураг төслийн шатанд Барилгын хөгжлийн төв, ашиглаж буй барилгын хувьд Эрчим хүчний зохицуулах хороо тус тус хариуцан олгодог. Барилгын эрчим хүчний хэрэгцээг тооцох, эрчим хүчний үр ашгийн аль ангилалд байгааг БНбД 25-01-20 “Барилгын дулаан хамгаалалт” нормын дагуу эрх бүхий барилгын эрчим хүчний аудиторууд тогтоодог. Дээрх нормонд заасан С түвшин нь манай улсын хувьд аль ч барилгын хувьд суурь түвшин юм.

Монгол улсад А” ангиллын эрчим хүчний хэмнэлттэй барилга олон байдаг болов уу? Та энэ талаар бас судалж байв уу?

Энэ талын дата мэдээлэл түгээмэл байдаггүй бөгөөд миний судалснаар ОУ-ын LEED үнэлгээний сертификатыг авсанаас өөр ашиглалтад орсон барилга байхгүй гэж бодож байна. Emart-ийн Баянгол салбарын барилга нь эрчим хүчний хэмнэлтийг олон төрлийн арга хэмжээг төлөвлөж, түүнийгээ бодитоор хэрэгжлүүлсэн худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий барилгуудаас эрчим хүчний “А” ангиллын сертификаттай анхдагч юм.

“А” ангиллын эрчим хүчний хэмнэлттэй барилгын өнөөгийн байдлыг манай улс болон олон улстай харьцуулаад үзвэл ямар түвшинд байгаа гэж мэргэжлийн хүний үүднээс үзэж байна вэ?

Барилгын эрчим хүчний аудиторуудын хэрэглэж байгаа тооцооны аргачлалын үзүүлэлтүүд нь хөгжингүй орнуудын жишгээс доогуур түвшинд байгаа. Учир нь манай орны өнөөгийн нөхцөлд олон улсын өндөр шаардлагыг шууд тавьчихаар тухайн шаардлагад хүрч ашиглалтад орох барилгын хөрөнгө оруулалт нэмэгдэн улмаар барилгын үнэ өснө. Энэ нь эдийн засгийн эргэлтийг тасалдуулах сөрөг нөлөөтэй. Ер нь цаашид эрчим хүчний суурь ангилал болон тооцоолох аргачлалын үзүүлэлтүүдийг нэмэгдүүлж хөгжингүй улс орнуудын жишигт хүргэх нь зүйтэй юм.

Тэгвэл барилгын салбарт эрчим хүчний хэмнэлттэй барилга хөгжихөд нөлөөлж байгаа зүйл нь юу байна вэ?

Хамгийн гол зүйл нь эрчим хүчний тарифын үнэлгээ юм. Одоо мөрдөгдөж байгаа тариф нь өртгөөсөө хэд дахин бага бөгөөд үүнээс шалтгаалан эрчмм хүчний хэмнэлтийн арга хэмжээ авах хөрөнгө оруулалтыг зарим тохиолдолд тухайн барилгын насжилтаас урт хугацаанд нөхдөг. Иймд одоогоор эрчим хүчний хэмнэлтийн арга хэмжээ авч байгаа барилгуудын эзэд нь нийгмийн хариуцлагын хүрээнд эсвэл ногоон зээл тусламж авах зорилгооор хэрэгжүүлж байна. Тухайлбал амины орон сууцаа эрчим хүчний хэмнэлттэй төлөвлөснөөр хэд хэдэн банкниас ногоон буюу хүү багатай зээл авч, хүлэмжийн хийг бууруулах замаар агаарын бохирдлыг багасгаж буй айл өрхүүд олонтаа байна. Тухайлбал Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбооноос гаргасан тайлан мэдээнд 2022 оны 3-р сараас 2023 оны 9-р сарын байдлаар эрчим хүчний хэмнэлттэй зээлэнд зарцуулсан дүн 66,4%-иар өссөн байсан.

Танай компанийн үйл ажиллагааны нэг чиглэл нь “судалгаа” гэж байсан. Энэ талаар хийж хэрэгжүүлсэн ажлаасаа дурдвал.

Миний докторын ажлын сэдэв дотор агаарын чанартай холбогдоод ирсэн л дээ. Энэ нь маш чухал бас их сонирхолтой асуудал санагдаад судалж үзэхэд манай улсад энэ асуудал гүйцэтгэлийн түвшинд байтугай бодлогын түвшинд бүрэн судлагдаагүй асуудал байсан. Иймээс энэ төрлийн уулзалт хэлэлцүүлэгт оролцож эхэлсэн. Тэгээд энэ хүрээнд БХБЯ болон HҮБ (UNICEF), НҮБ-ийн Хүүхдийн сан (UNIDP), Германы хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн “Улаанбаатар хотын төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилгуудын эрчим хүчний бодит хэрэглээний судалгаа болон эрчим хүчнийг хэмнэх, хүлэмжийн хийг бууруулах боломжийн судалгаа”, “Барилгын материалын дотор агаарын чанарт үзүүлэх нөлөөлөл”, “Барилгын дулаан хамгаалалтын үзүүлэлтийг тодорхойлох нь” судалгааны ажлуудыг удирдан гүйцэтгэсэн.

Эдгээр ажлыг гүйцэтгэхдээ явцдаа барилга бол амьд юм. Манай салбарынхан түүнийг амьдрах чадамжтай төлөвлөх шаардлагатайг улам ойлгож, одоо гүйцэтгэж буй бүх төслүүддээ шингээхийг зорьдог.

Иймээс ямар ч барилгын архитектур болон инженерингийн төлөвлөлт, мөн интерьерийн шийдэл гаргахаасаа өмнө олон улс болон манай улсад хэрэгжсэн ажлуудыг тойм тайлан гаргах хэмжээнд судалж шинжилсний дараа гүйцэтгэдэг болсон.

Тантай ярилцаж байхад мэргэжил, салбартаа дуртай нь харагдаж байна. Энэ талаар таны бодол

Мэргэжил бүхэн сайхан гэдэг. Мэдээж миний хувьд би өөрийн сонгосон мэргэжилдээ үнэхээр хайртай. Учир нь хүн амьдралынхаа эхлэлээс төгсгөл хүртэл цаг хугацааг барилгад л өнгөрүүлдэг. Хүний хүсэл мөрөөдлийг урлахад сэтгэл зүрх, оюун санаагаа зориулж ажиллахыг эрхэмлэдэг. Иймээс л тухайн төслийг хийхээсээ урьдаар судалгаа хийж, асуудлыг тодорхойлж, шийдэл боловсруулж, хэрэгжүүлэн түүнийгээ хянах замаар хариуцлагатайгаар ажлаа гүйцэтгэхийг манай хамт олон зорьдог. Мөн тухайн барилгад амьдрах гэр бүлүүд болон ажиллах хүмүүс төдийгүй байгаль орчны тэнцвэртэй байдлыг нэгдүгээрт тавьж төлөвлөлт гаргах нь бидний үндсэн үүрэг шүү дээ. Тиймээс өөрийн гар бие оролцож буй бүх төслүүддээ хүний эрүүл мэнд, тав тух, аюулгүй байдал болон эрчим хүчний хэмнэлтийг илүү их тусгаж өгөхийг хичээдэг.

Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье!